ЛИБЕРАЛ ДАЯАРЧЛАЛ БАЯРТАЙ

Одоо монгол баагийгаас “дэлхий дахинд юу болж байна ?” гэж асуувал: 1. Орос-украины дайн болж байна, 2. Орос-Америкийн сөргөлдөөн болж байна, 3. Эдийн засгийн болон валютын дайн болж байна гэж олонхи нь хариулна. Арай сүүхээтэй нь: Дэлхий нийтийн дэг журам өөрчлөгдөж байна гэж хариулна. Өөрөөр хэлбэл монголчууд дэлхий даяар ямар өөрчлөлт болж байгааг “мэдэх нь мэднэ”, гэхдээ барин тавин цэгцтэй ярьж чадах монгол сэхээтэн өдрийн од шиг. Иймээс дэлхий дахинд юу болж байгаа тоймыг товч тайлбарлахыг хичээе. Минийхээс өөр үзэл бодолтой, намайг шүүмжлэх хүн байж мэдээж болно. Гэхдээ жиргээгээр “онол”, “геополитик” чалчдаг, шүүмжилдэг  лаларын тэнэг зангаа монголчууд болих цаг болсон. Дэлхийн жишиг ч ийм…

Даяар эдийн засаг, технологийн хэвшлийн шилжилт

Эдүгээ дэлхий дахинаа технологийн болон дэлхийн аж ахуйн хэвшил нэгэн зэрэг солигдож, чингэхдээ эдийн засгийн технологийн суурь өөрчлөгдөж, зарчмын хувьд шинэ технологид шилжиж, удирдлагын систем өөрчлөгдөж байна. Технологийн хэвшил 50 орчим жилд ганц удаа солигдох ба энэхүү шилжилтийн үеийг технологийн хувьсгал, сандрал, зэвсэглэлээр хөөцөлдөх үзэгдлүүд дагалддаг. Харин дэлхийн аж ахуйн хэвшил 100 орчим жилд нэг удаа солигдох ба үүнийг дэлхийн дайн, нийгмийн хувьсгал дагалддаг.           

Энэ нь дэлхийн эдийн засгийн хуучин хэвшлийн эрх баригч цөм орнууд шинээр түрэн гарч ирсэн орнуудын өөрийг нь гүйцэж түрүүлэх оролдлогод саад хийж, үр ашигтай удирдлагын шинэ системийг эсэргүүцдэг. Үүндээ дайн, хувьсгал зэрэг бүхий л боломжит аргуудыг ашигладаг.

200 жилийн өмнө Британийн эзэнт гүрэн дэлхийд хуваарьгүй ноёрхож байв. Гэтэл Оросын эзэнт гүрэн, Герман хоёр эдийн засгаараа түрэн гарч ирэв. Ингээд английн тагнуул өдөөн хатгаж, Дэлхийн I дайныг өдөөв. Үүний үр дүнд хаант Орос, Герман болон Австри-Унгарын эзэнт гүрэн, Оттоманы улс задрав.

Британийн эзэнт гүрэн даяар ноёрхлоо хэсэг зуур хадгалж чадсан боловч бараг боолын хөдөлмөрт суурилсан дэлхийн колонийн аж ахуйн хэвшил эдийн засгийн өсөлтийг хангаж чадахгүй болж,  нийгэм-эдийн засгийн хөгжлийн тогтоож болшгүй хуулийн дагуу Эзэнт гүрэн задрав.   

Хүч чадлаа алдсан Английн оронд Зөвлөлт, Америк гэсэн зарчмын хувьд цоо шинэ улс төрийн 2 загвар түрэн гарч ирэв. Энэ 2 загвар огт өөр зарчим дээр зохион байгуулагдсан учраас үйлдвэрлэлийн хавьгүй их бүтээмжтэй байлаа. Тухайлбал, гэр бүлийн хувийн капитализм дээр биш, харин эдийн засгийг зохицуулах төвлөрсөн бүтэцтэй, фиат мөнгөний (цаасан болон электрон хэрэгсэл) тусламжтайгаар зээлийн мөнгөн эмиссийг хязгааргүй хийж чаддаг үндэстэн дамжсан том корпорациудад тулгуурлах болов. Энэ нь бүтээгдэхүүн бөөнөөр үйлдвэрлэх боломжийг хангасан ба энэ шинэ систем нь XIX зууны колонийн эзэнт гүрнүүдээс хавьгүй их үр ашигтай байлаа.    

ЗХУ болон АНУ-д удирдлагын төрлөрсөн системтэй нийгмийн (социал)  улс бий болсон нь тэд эдийн засгийн хөгжилдөө эрс үсрэлт хийх боломж олгожээ.

Харин Европт хамтарсан (корпоратив) удирдлагын систем төлөвшиж эхэлсэн боловч Германд нацист загвараар, чингэхдээ бас л Британийн тагнуулын оролцоотойгоор “буруу” хөгжжээ. Гитлер британий тусгай албад, америкийн капиталын тусламжтайгаар Германд удирдлагын корпоратив  төвлөрсөн системийг нэн шуурхай хэрэгжүүлжээ. Энэ амжилтын үндсэн дээр Гуравдахь Рейх бүх Европыг тэр дор нь эзлэв. Германы фашизмыг (өнөөгийн бодит байдлаас бол европын фашизм гэх нь зөв) Оросууд дарж авчээ.

Ингээд дэлхийн II дайны дараа дэлхийн аж ахуйн хэвшилд Зөвлөлт ба АНУ төвтэй Баруун гэсэн хоёр загвар бий болов. Гэвч ЗХУ-ын захиран тушаах удирдлагын систем техникийн дэвшлийн хэрэгцээг хангаж чадахуйц уян хатан биш байсны улмаас задран унаж ялагдав.  

Ингээд АНУ хэсэг хугацаанд даяар ноёрлоо тогтоож чаджээ. Гэвч дэлхийн эзэнт гүрний шаталсан босоо бүтэц инновацийн процессыг тасралтгүй хангаж чадахгүй, дэлхийн эдийн засгийн өсөлтийг хангах үр ашигт чадвараа алджээ. 

Америкийн даяар системийн зах хязгаараар удирдлагын уян хатан загвар, үйлдвэрлэлийн сүлжээний  зохион байгуулалтад суурилсан, улс нь нийгмийн сайн сайхан байдлыг хангах цорын ганц зорилгын төлөө нийгмийн янз бүрийн бүлгийн ашиг сонирхлыг нэгтгэгч зангидагч болсон дэлхийн аж ахуйн шинэ хэвшил бүрэлдэн тогтжээ.

Дэлхийн эдийн засгийн шинэ хэвшил

Дэлхийн аж ахуйн шинэ интеграл хэвшлийн жишээ нь Хятад юм. Хятад 30 гаруй жилийн турш эдийн засгийн өсөлтийн хурдаараа АНУ-аас 3 дахин түрүүлж байна. Эдүгээ Хятад бүтээгдэхүүн гаргалтын хэмжээгээр ч, шинжлэх ухааны багтаамжтай барааны экспортоор ч, өсөлтийн хурдаараа ч АНУ-ыг даван гарчээ.

Дэлхийн аж ахуйн шинэ хэвшлийн өөр нэг загвар нь Энэтхэг юм. Энэтхэгийн систем Хятадынхаа арай өөр, гэхдээ Барууны системээс огт өөр юм. Энэтхэг нийгмийн ашиг сонирхол хувийнхаас дээгүүр тавих ба улс нь ядууралтай тэмцэхийн хамт өсөлтийн хурдцаа дээд зэргээр хурдасгахыг эрмэлзэж байна. Эдийн засгийн энэхүү шинэ хэвшлийг үзэл суртлын хувьд социалист хандлагатай гэж хэлж болно.    

Хятад, Энэтхэг хоёр технологийн шинэ дэвшилтэт хэвшилд тулгуурлан эдийн засгийнхаа үсрэлтийг хангах зорилгоор технологийн хувьсгал хийхэд бүх нөөцөө дээд зэргээр төвлөрүүлж, үүндээ өрсөлдөөний зах зээлийн механизмыг ашиглаж байна.  

1995 оноос хойшхи өсөлтийг үзвэл Хятадын эдийн засаг 10 дахин, америкийн эдийн засаг 15% өссөн аж. Эдүгээ дэлхийн эдийн засгийн хөгжлийн хурдац Ази руу шилжиж байна. Хятад, Энэтхэг болон Энэтхэг-Хятадын орнууд АНУ, ЕХ хоёроос илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэж  байна. Үүний дээрээс Япон, Солонгос хоёр нэмэгдвэл бүр хүчирхэг эдийн засгийн бүс үүснэ.     

Өнөөдөр дэлхийн эдийн засгийн шинэ хэвшил дэлхийд зонхилох болж, дэлхийн эдийн засгийн нөхөн үйлдвэрлэлийн төв Зүүн-Өмнөд Ази руу шилжжээ. Энэ шинэ аварга хандлагыг АНУ, ЕХ зөвшөөрөхгүй нь мэдээж хэрэг. 

Хятадын үзэл санаанд гарсан нэг том чанарын өөрчлөлтийг заавал цохон дурдах ёстой. Хятад хөгжлөө эрчимжүүлж байсан эхэн үедээ АНУ-г гүйцэх, улмаар түүнтэй ЯГ АДИЛ болно гэж мөрөөдөж байв. Гэвч амжилт олж, өөртөө итгэхийн хэрээр америкаас илүү гарахын хамт, америкаас огт өөр ШИНЭ ХЯТАДЫГ байгуулна гэж зорих болов. Мөн Оросыг ч дуурайхгүй гэдгээ шууд тунхагласан. Энэ нь бидний мэддэгээс огт өөр нийгмийн шинэ загвар болно.      

АНУ-ын дангаар ноёрхол ганхав     

Өнөөдөр болж буй зөрчилт үйл явдлууд АНУ-ын санхүү-эрх мэдлийн олигархи элитүүд дэлхий дахинд даяар  ноёрлоо хадгалан үлдэх гэсэн оролдлоготой холбоотой. АНУ сүүлийн 15 жилийн турш гибрид дайн, өнгөт хувьсгал тасралтгүй өдөөж, хяналтад нь орохгүй улсуудыг эмх замбараагүй болгох, Хятадын хөгжлийг тогтоон барихыг оролдож байна. Гэхдээ тэдний удирдлагын нүсэр хөшүүн систем үүнийг хийж хүчрэхгүй болжээ. 2008 оны санхүүгийн хямрал шилжилтийн агшин болсон ба доройтож буй технологийн хуучин системийн амьдралын цикл дуусч, капиталаа технологийн шинэ хэвшил рүү бөөнөөр нь дахин хуваарилах үйл явц эхэлсэн ба энэ үйл явцын цөмийг нанобиоинженерийн болон мэдээлэл харилцааны технологийн иж бүрдэл бүрдүүлэх болов.  

Орчин үеийн улсуудын хийж болон хамгийн энгийн зүйл нь шинэ технологи нэвтрүүлэхийн тулд бүх үйлдвэрүүддээ хямд, урт хугацаанд мөнгө олгох явдал юм. Бүх улс орнууд шинэ хэвшил рүү мөнгөө цутгаж байна.

Америк, Европ ч гэсэн шинэ технологи руу маш их мөнгө цутгаж байна. Гэхдээ Америк, Европын мөнгө голдуу санхүүгийн хөөсөө арилгах, төсвийн алдагдлаа нөхөхөд зарцуулагдаж байхад Хятадын асар их мөнгөн эмисс үйлдвэрлэлийн өсөлт, шинэ технологи эзэмшихэд чиглэгдэж байна.     

Хятадад санхүүгийн хөөс байхгүй, чингэхдээ хятадын эдийн засгийг хэт өндөр мөнгөжүүлсэн ч энэ нь инфляци болж үрэгдээгүй, хятадын мөнгөн массын өсөлтийг таваарын гаргалт, шинэ тэргүүний технологийн нэвтрэлт, нийгмийн сайн сайхан байдлын дээшлэлт дагалдаж байна.     

Эдийн засгийн өнөөгийн өрсөлдөөн АНУ-ын манлайлах байр суурийг үгүй болгов. Саявтар Д.Трамп худалдааны дайн хийх замаар Хятадын хөгжлийг тогтоон барих гэж оролдсон ч бүтэлгүйдсэн юм. Учир нь Хятад өөртөө байгаа үйлдвэрлэлийн нөөцийг дээд зэргээр бүрэн төвлөрүүлж чадсан удирдлагын маш өндөр үр ашигтай систем бий болгож чаджээ.

Хятадын мөнгөний удирдлага үр ашигтайгаа нотолж, мөнгөн эмиссээ эдийн засгийн бодит секторын өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэл рүү оруулж, хөгжлийн хөрөнгө оруулалтад баримжаалсан хүрээ заагийг тэтгэх болов. Хятад дэлхийн бүх орнууд дундаас хамгийн их хуримтлалын нормд хүрч чаджээ. Жи: Хятад ДНБ-ийнхээ 45%-ийг хөрөнгө оруулалтад хийдэг бол энэ үзүүлэлт АНУ болон ОХУ-д 20% байдаг. Энэ нь Хятадын эдийн засгийн хэт хурдан өсөлтийг хангаж байна.              

Худалдааны дайнд ч гэсэн амжилт Хятадын талд байна. Хятадууд АНУ болон ЕХ-оос хавьгүй илүү үр ашигтайгаар бүтээгдэхүүнээ үйлвэрлэж, хөгжлийн санхүүжилтээ маш хямдхан хийж байна. 

Хятадын банкны бүхий л систем улсын бөгөөд тэд хөгжлийн нэгдмэл институт байдлаар ажиллаж, мөнгөн урсгалаа бүтээгдэхүүний гаргалтыг өргөтгөх, шинэ технологи эзэмшихэд чиглүүлж байна.   

АНУ-д мөнгөн эмиссийг төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, санхүүгийн хөөсийг арилгахад зарцуулж байна. Үүний үр дүнд АНУ-ын санхүү-эдийн засгийн системийн АҮК (ашигт үйлийн коэфициент) 20% болж, зөвхөн 5 дахь доллар л бодит эдийн засаг руу орж байхад Хятадын эдийн засгийн системийн АҮК бараг 90% хүрч, Хятадын Төв Банкны гаргасан юань бүр үйлдвэрлэлээ өргөжүүлэх, эдийн засгийн хэт өндөр өсөлтийг хангахад зарцуулж байна.         

Худалдааны дайн бүтэлгүй болмогц америкчууд биологийн фронт нээж, Хятадад коронавирус оруулж, Хятадууд цар тахлыг яаж ч чадахгүй, хаос үүснэ гэж гэж тооцсон юм. Гэтэл Хятадын удирдлагын систем хавьгүй илүү үр ашигтай гэдгээ нотлов. Хятадууд асар богино хугацаанд коронаг хумиж авнаар барахгүй, үхлийн тоог маш бага хэмжээнд барьж чадсан. Коронагийн эхний жил 2020 онд Хятадын эдийн засаг 2 хувь өссөн байхад АНУ-ын ДНБ 10% унасан. Энэ нь Дэлхийн II дайнаас хойшхи дээд уналт болно. Одоо Хятад эдийн засийн өсөлтийн хурдцаа жилд 7 орчим хувь тогтвортой барьж байна.

Оростой дайтав

Англосаксоны геополитик Оросыг гол дайснаа гэж үздэг уламжлалтай бөгөөд үнэхээр ч АНУ, Английн санхүү-эрх мэдлийн элитийн дэлхийн ноёрхол тогтооход гол саад нь Орос болдог юм. Америкийн тусгай албад Украинд төрийн эргэлт хийснээр Оросын эсрэг дайн эхэлсэн ба энэ нь Крымыг Орост нэгтгэсний дараа улам эрчимтэй өрнөв. 8 жилийн дотор Украин дэлхийн хамгийн их цэрэгжсэн улс болон хувирав. Америкчууд Украиныг цорын ганц дайсан Оростой байлдахад турхирч, 8 жилийн турш Украин болон түүний армийг дайнд бэлтгэжээ. Украин Орос руу довтлохоор бэлтгэж байсан нь одоо нэгэнт илэрхий болжээ. ОХУ хажуу бөөрөндөө байнга дайсагнагч, НАТО-гийн гишүүн, цөмийн зэвсэгтэй түрэмгий улс байхыг цаашид тэвчих боломжгүй. Ингээд Оросууд арга буюу Украиныг цэрэггүйжүүлэх, нацистгүйжүүлэх цэргийн тусгай ажиллагаа эхэлжээ. Энэ нь Барууны түрэмгийллээс өөрийгөө хамгаалах гэсэн үйлдэл мөн.             

Түүнээс гадна АНУ Оросын эсрэг валют-санхүүгийн гибрид дайн эхлүүлэв. Бүр 2014 оноос эхлэн хориг тавьж, оросын эдийн засгаас барууны зээлийн ихээхэн хэсгийг шахан гаргав. Одоо бүр ахиж, Оросыг дэлхийн валют-санхүүгийн системээс таслав. Оросыг Евроазийн зонхилох гүрний хувьд устгах санааны олон хувилбар Барууны геополитикийн бүх сурах бичигт байдаг. Тэнд “хэрэв Евроазийг хянасан улс дэлхийг захирч болно” гэсэн томъёолол гаргасан байдаг. “Оросыг их гүрний хувьд ялах гэвэл түүнээс Украиныг салгах хэрэгтэй” гэсэн Збигнев Бежинскийн томъёоллын дагуу үйл явц өрнөж байна. Харвард, Йель болон бусад их сургуульд  Оросын эсрэг геополитикийн хичээл байнга орж байна.      

Одоо АНУ гол цохилтоо Хятадаас арай илүү “сул дорой” гэж үзсэн ОХУ-ын эсрэг чиглүүлэв. Хэрэв Оросыг номхотгож чадвал түүний баялаг, ресурсыг ашиглан Хятадтай тэмцэлдэж болно гэж тэд тооцжээ. Ингээд Орос-Хятадын стратегийн түншлэлийг салгах, тэднийг муудалцуулах алхмуудыг хийж эхлэв. Гэвч энэ нь бүтэлгүйдэв.    

Оросыг “зах хязгаарын өчүүхэн улс”, “бензин түгээгүүрийн улс” гэх доромж үгсийг Америкийн өндөр дээд албан тушаалтнууд олон удаа хэлж байсан ба энэ нь тэдний итгэл үнэмшил юм. Украинд цэргийн тусгай ажиллагаа эхэлснээрээ ОХУ, В.Путин эрх ашгаа хамгаалах чадвартай, мөн ингэх хангалттай хүчтэй гэдгээ бүрэн нотлов. “Уур нь хүрсэн оросууд” яадгийг Барууныхан одоо л “ойлгож” байх шиг.       

Эдүгээ ОХУ-тай АНУ дараах нөхцөлт фронтод дайтаж байна: 1. Валют-санхүүгийн. Энэ салбарт АНУ одоо болтол дэлхийд ноёрхож байгаа. 2. Худалдаа-эдийн засгийн. Энд тэргүүлэх байр сууриа Хятадад алдсан. 3. Мэдээлэл-харилцааны. Энд америкчууд технологиороо давуу байгаа. Гэвч Хятад, ОХУ хоёрт өөрийн мэдээллийн маш сайн систем байгаа юм. 4. Биологийн. Дэлхийн дайны энэ фронтыг АНУ нээгээд их удаж байгааг дэлхий нийт одоо л мэдэж авч байна. 5. Бодит байлдааны фронт болно. Украинд ямар ч эргэлзээгүй Орос ялна. Харин цаашдын сөргөлдөөн юу болохыг одоохондоо хэн ч хэлж чадахгүй.

ОХУ Зөвлөлтийн үеийнхээс хамаагүй уян хатан, илүү хүчирхэг, дэлхийд дээгүүр орох эдийн засаг, нийгэм байгуулж чадсан нь илт байна. Одоо ОХУ бүтцийн шинэчлэл эрчимтэй хийж эхэлсэн ба энэ нь амжилт олох бүх талын нөхцөл бүрджээ. Оросууд Хятадтай тогтоосон стратегийн түншлэлээ хадгалан Европ руу биш, Ази руу чиглүүлсэн бодлого явуулах болсон нь илт байна. Энэ нөхцөлд манай гадаад орчин илт өөрчлөгдөж байна.          

Нийт хандлагыг харвал Зүүн-Өмнөд Ази дэлхийн эдийн засгийн хөгжлийг манлайлагч болж, тэнд дэлхийн эдийн засгийн шинэ хэвшил бүрэлдэж байгаа нь хэн бүхний нүдэнд илт байна.  

АНУ эхлээд Иранд хориг тавьж, тэдний валютыг хураан авсан, дараа нь венесуэлийн валютыг, дараа нь афганы валютыг хураан авсан. Энэ нь тухайн үедээ боломжтой бөгөөд өөр нөхцөлд байсан. Харин одоо Оросын валютыг хураана гэж санаархаж байна. Харин энэ бол боломжгүй. ЕХ америкийг дагалдан, түүнийг дуурайж гадаад валют “хураан авдаг” ажилтай болов. Энэ нь доллар, евро хоёр дэлхийн валют байхаа больсныг л харуулж байна. Өөрөөр хэлбэл валют-санхүүгийн хуучин систем сүүлчийн өдрүүдээ хүлээж байна. 

Дэлхийн улс гүрнүүд АНУ болон ЕХ-ны валют-санхүүгийн түрэмгийллээс болгоомжилж эхлэв. АНУ, ЕХ хүссэн үедээ, хэний ч хөрөнгийг хурааж авах “давуу эрхтэй” гэж боддог болжээ. Үүнээс болж дэлхийн тэргүүлэх гүрнүүд үндэсний валют руугаа шилжиж, доллар, еврог нөөц валют гэж хураахаа больж эхлэв.     

Дэлхийд блокчейн бүхий цифрийн технологид суурилсан төлбөрийн шинэ систем ид хөгжиж байгаагаас банкууд өмнөх ач холбогдлоо алдаж байна. Хувийн банкинд үндэслэсэн сонгодог капитализм үеэ өнгөрөөж байна. Олон улсын эрх сэргэн тогтож байна. Олон улсын бүх түлхүүр холбоо, түүний дотор дэлхийн валютын эргэлтийн эмиссүүд гэрээний үндсэн дээр бүрэлдэж эхэлж байна.         

Үүнтэй зэрэгцэн үндэсний тусгаар тогтнолын (суверенитет) ач холбогдол  сэргэж байна, учир нь тусгаар тогтносон улсууд хэлэлцэн тохирч  байна. Дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааны үндсийг ард түмнийхээ сайн сайхан байдлыг дээшлүүлэх гэсэн хамтарсан хөрөнгө оруулалт бүрдүүлэх болов.  

Худалдааны либеральчлал гол зүйл (приоритет) байхаа больж, үндэсний зүйл голлох болов. Улс бүр өөрийн дотоод зах зээл, өөрийн гэсэн орон зайгаа хэрэгтэй гэж үзсэн хэмжээндээ хамгаалах болов. Товчоор хэлбэл либерал даяарчлалын эрин үе дуусч байна. Бидний нүдэн дээр дэлхийн аж ахуйн шинэ, интеграл хэвшил бүрэлдэж байгаа ба энд ямар нэг улс юмуу хувийн банк мөнгөн эмисс хийх, цэргийн хүч ашиглах зэрэг монополь байдлаа алдаж байна.

1990-2000 оны үед дэлхийн олонхи улс АНУ хэлсэн болгоныг дагадаг, зөвшөөрдөг байсан бол одоо бол түүнээс зугтах, зайлсхийх, тэр байтугай эсэргүүцэх болжээ. Энэ нь АНУ өнөө маргаашгүй сөнөнө гэсэн хэрэг огт биш. Зүгээр л АНУ-ын дангаар ноёрхол дуусч, Хятад, Орос мэтийн олон төвт дэлхий бүрэлдэж байгаа хэрэг юм.   

Үүнтэй холбогдон дэлхий дахин эдийн засгийн шинэ хуучин хэвшлээрээ хуваагдаж, шинэ бүлэглэл, шинэ бүслүүр үүсч байна. Хамгийн бүдүүн тоймоор Хятад, ОХУ, Энэтхэг, Иран, Турк, Арабын гол улсууд багтсан ЕвроАзийн “эх газрын” бүслүүр, үүний нөгөө талд АНУ, ЕХ тэргүүлж, Япон, Солонгос, Австрали багтсан “далайн” бүслүүр үүсч байна. Энэ бүхэн бидний нүдний өмнө болж байна.      

***

Эдүгээ дэлхийн бараг бүх улс гүрэн хуучин либерал бодлогоо засварлан өөрчилж, шинэ хандлага, шинэ нөхцөлд чиглэсэн бодлого, үйлдэл хийх болов. Энэ хандлагаас гадуур, либерал лоозонгоо маань мэгзэм шиг уншин санаа амар суугаа ганц улс нь Монгол.

Ямар ч гэсэн Монгол Улс 30-аад жил баримталж ирсэн улс төр, эдийн засгийн бодлогодоо том засвар хийх цаг нэгэнт болжээ. Хамгийн эхлээд догм болтол цээжилсэн либерал үзэл баримтлалаасаа салж, шинэ үзэл онол, хандлагыг судлах ёстой болж байна.

Энэ талаар бодож, сэтгэж байгаа сэхээтэн Монголд тун цөөхөн гэдгийг би сайн мэднэ. Тэгэхлээр би л “үйлтэйгээрээ” эхэлж ярьж таарч байх шиг. Учир нь би ганцаараа “мундаг” байгаад биш, харин ном эрдэм уншдаг хүн монголд тун цөөхөн болсонд байгаа юм…    

Судлаач Х.Д.Ганхуяг.

2022 оны 04 дүгээр сарын 20.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

11 Responses to ЛИБЕРАЛ ДАЯАРЧЛАЛ БАЯРТАЙ

  1. Батжаргал says:

    Бичигч харин энэхүү нийтлэлээ ихээхэн эрүүл, саруулаар бичсэн байхыг хараад гайхав. Жишээ нь, “ Америкчууд Украиныг цорын ганц дайсан Оростой байлдахад турхирч, 8 жилийн турш Украин болон түүний армийг дайнд бэлтгэжээ. Украин Орос руу довтлохоор бэлтгэж байсан нь одоо нэгэнт илэрхий болжээ. ОХУ хажуу бөөрөндөө байнга дайсагнагч, НАТО-гийн гишүүн, цөмийн зэвсэгтэй түрэмгий улс байхыг цаашид тэвчих боломжгүй. Ингээд Оросууд арга буюуу Украиныг цэрэггүйжүүлэх, нацистгүйжүүлэх цэргийн тусгай ажиллагаа эхэлжээ. Энэ нь Барууны түрэмгийллээс өөрийгөө хамгаалах гэсэн үйлдэл мөн.” хэмээн энэ дайны бодит шалтгаануудыг хэн нэгний талд орж санаатай мушгилгүй хэлсэн байна. Мөн, “ Ямар ч гэсэн Монгол Улс 30-аад жил баримталж ирсэн улс төр, эдийн засгийн бодлогодоо том засвар хийх цаг нэгэнт болжээ. Хамгийн эхлээд догм болтол цээжилсэн либерал үзэл баримтлалаасаа салж, шинэ үзэл онол, хандлагыг судлах ёстой болж байна.” гэж цаг нь хэдий нь болсон дүгнэлт хийжээ. Санал бүрэн дүүрэн нэг байна. Монгол 30 жил зэрлэг капитализм хэмээх хэдхэн хүн онгойлгож болдог авдрыг ардчилал хэмээх торгоор бүтээж, энэ бол ард түмэн та нарынх шүү дээ гэж худлаа гөрдөж, юм мэдэхгүй иргэдээ тархийг нь угаасаар өдийг хүрэв дээ.

  2. Sugi S says:

    Хамаг хуулиуд, нийгмийн тогтолцооны бүх бүтцээ гаднаас хуулбарласан, хулгайлсан, түүндээ өөрийн нийгэм, үндэстэндээ тохируулан засвар хийхийн оронд түрийвч, оймсондоо хавчуулах мөнгөний тооцоонд ач холбогдол өгөөд 30 гаруй жилээ хий эргэж өнгөрөөсөн энэ улсаас шинэ үзэл онол, хандлага гарна гэж найдах ч дээ. Хятадын Күнз, Түвдийн Будда шиг ирээдүйгээ нэвт харсан мэргэн онолч удахгүй төрөөсэй гэж хүлээе гэвэл, ха ха, илүү ойр төсөөлөгдөж байна даа, ах минь. Оюун ухааныхаа үндэс – эрүүл мэнд, боловсролын системээ устгуулчихсан хүмүүст үргэлжлүүлэн хуулбарлах хувилбар л үлдэж байна. Найдах хүмүүс бол та нар, хууччуул, өвгөчүүл шүү. Илүү эрүүл саруул боловсорсон, ажилсаг, сэтгэлээсээ зүтгэдэг хүмүүс…

    • Zolbayar says:

      “Найдах хүмүүс бол та нар, хууччуул, өвгөчүүл шүү” 🤯

      Энэ хууччуул, өвгөчүүл чинь 30 жил улс орноо яаж авч явсныг гадаа гараад нэг харна байгаа (өөрөө Монголд байдаг бол)

  3. Bat says:

    Saihan unen, saruulsah niitlel bna.

  4. Batnasan Darjaa says:

    Залуучууд, олон хүмүүс уншаасай билээ.

    • Zolbayar says:

      Залуучууд ийм юм тоож уншихгүй ээ. Хуйвалдааны онолд дуртай Гомбосүрэнгийн Арслан мэтийн 50, 60 -аад оныхон харин их унших байх даа

  5. Тумен says:

    Лебериализмыг магтан дуулагчид энэ өгүүллэгийг уншаад ойлгохгүй л дээ. Тэд тэр Америктайгаа хамт дэлхийгээс зайлна гэдэг нь тодорхой. Седак Афган АНУ-г 2o25 он гэхэд задарна гэж хэлжээ. Тэгэхлээр Америк гэгч улс мөдхөн жанжлагч улс б
    айхаа болино гэсэн үг. Тэр үеээс л манайх леберал бодлогоосоо татгалзах байх даа.

    • Zolbayar says:

      Тийм байх шүү. Либериализмын үр шимээр бий болсон технологийн дэвшлийг хуулбарлагчид энэ сүйрч байгаа дэлхийдээ үлдэж нөгөөдүүл нь дэлхийгээс зайлаад холын нэг гарагийг колончилох юм байгаа биз.

  6. Наранбат says:

    Тиймээ. Санал нэг байна. Ер нь Украйн гэдэг зохиомол үндэстэн, улсыг 19-р зуунд л Австри-Унгарын эзэнт гүрний үеэс суурьшсан газрынх нь байршил, үүссэн нийгмийн гарал, төлөвшлөөр нь сонгож, орос угсаатныг хооронд нь сөргөлдүүлэхээр зориуд гарган ирсэн юм билээ. Ингэхдээ зохиомол түүхээр тархийг нь угааж, хоорондоо харилцах ХЭЛийг нь хүртэл зохиож, сургаж өгсөн гээд бод доо. Энэ тухай олон түүхч, судлаачид өгүүлдэг. Дэлхийн 2-р дайны үед Германы фашистууд харьцангуй амжилттайгаар Украйнчуудын тодорхой хэсгийг ашиглаж байсан боловч одоогийн үе шиг нөхцөл бий болоогүй. Өнөөгийн Украйны нацикуудыг Нюрнбергийн шүүхээр гүйцэд яллалгүй орхигдон, олон нийтийн жигшил, цээрлэлээс эмээхдээ нэг их анхаарал таталгүй чимээгүйхэн шиг зүсээ хувирган, дүр эсгэн сууж байснаа баруунд явагдаж ирсэн, одоо маш хүчтэй явагдаж байгаа түүхийн гуйвуулалт, Оросыг үзэн ядалт (русофобия), ард иргэдийнх нь Европын холбоонд нэгдэн орж, чинээлэг, сайхан амьдралд хүрч болно гэж мөрөөдсөн төөрөгдөл зэрэг олон хүчин зүйлүүдээс үүссэн нөхцөл байдлын улмаас толгойгоо өндийлгөн, солиорлын хэмжээнд очсон фанатик нацистууд гэж үзэхээр байна. АНУ тэргүүтэй барууныхан эдгээр солиотныг овжин ашиглан улс оронд нь төрийн эргэлт хийх замаар төрийн эрх мэдлийг нь гартаа авч, өөрийн төлөвлөсөн Орос, Хятадыг сулруулах замаар дэлхийд ноёрхсон байр сууриа хадгалах зорилгодоо ашиглаж байна. Украйныг Оросын эсрэг яаж турхирч, Оросын тэвчээрийг яаж барж, мэрж байхыг сохор хүн ч анхаарахаар байтал барууны мэдээллийн машинд тархиа (хэрэв сэтгэдэг тархи байдаг бол) угаалгасан масс, манай Монголын бүр улс төрчид хүртэл нөгөөх л суртал нэвтрүүлгийн мэдээг нь тоть мэт давтаад, тэр байтугай хөрш улсуудтайгаа үл ойлголцолд хүрэх үйлдэлд уриалаад солиорцгоож байна.

    • Zolbayar says:

      1. Украйнчуудын “Оросыг үзэн ядалт (русофобия)” – зөв шалтгаантай байсныг Оросууд өөрсдөө дайрч ороод батлаад өглөө шүү дээ. Улс орноо эзлүүлж, хотуудаа бөмбөгдүүлчхээд одоо Оросыг хайрлаад байлтай биш дээ?

      2. Украйнчууд 8 жилийн турш дайнд бэлдсэн гэлээ. Тэгэхгүй яах юм бэ? Улс орных нь нэг хэсгийг тасдаад авчихаж байгаа хөрштэй юм чинь дайнд бэлдэхээс яах юм. Энэ нь ч зөв байсныг бас л оросууд өөрсдөө дайрч ороод батлаад өглөө шүү дээ.

      3. Барууныхан төрийн эрх мэдлийг нь гартаа авсан гэлээ. Лукашенко шиг Оросын хүүхэлдэй болсон удирдагчтай болоогүй болохоор нь л тэгэж байгаа юм уу? Хүний эрхийг дээдэлдэг, өөрийгөө Путин шиг ард түмнийхээ хаан биш харин ард түмэндээ үйлчлэх ёстой хүн гэж хардаг удирдагчтай болсных нь төлөө тэгэж бодож байвал одоо яаая гэхэв дээ.

      4. “Украйныг Оросын эсрэг яаж турхирч, Оросын тэвчээрийг яаж барж, мэрж байхыг…” гэжээ. Танайх руу ер нь дайрах гээд байна шүү гээд хэлээд л байсан. Эцэст нь дахиад л өнөөх оросууд нь өөрсдөө дайрч ороод барууныхны зөв байсанг батлаад өглөө. Одоо энэ үйлдлээс нь болоод Финланд, Швед хоёр НАТО -д нэгдэх юм байна. Бараг Украйныг ЕХ -д нэгдэх замыг нь орос өөрөө засаад өглөө дөө хөөрхий.

      5. “барууны мэдээллийн машинд тархиа (хэрэв сэтгэдэг тархи байдаг бол) угаалгасан масс” – ОРТ, Россия ТВ -ийн мэдээнд тархиа угаалгасан, Оросоос өөр хэлээр мэдээ уншиж мэддэггүй масс маань л хэцүү байна даа Наранбаяр минь 😂

  7. Zolbayar says:

    Овоо гайгүй юм бичиж байснаа л дундуур нь хуйвалдааны онол хавчуулаад эхэлдэг юм даа. “Би баримт нотолгоогүй юм бичдэггүй” гэх атлаа “Худалдааны дайн бүтэлгүй болмогц америкчууд биологийн фронт нээж, Хятадад коронавирус оруулж, Хятадууд цар тахлыг яаж ч чадахгүй, хаос үүснэ гэж гэж тооцсон юм” гэж нааж байх юм.

    Бас “Украин Орос руу довтлохоор бэлтгэж байсан нь одоо нэгэнт илэрхий болжээ” гэж наах юм. Нөгөө 2 -р дайны үед Оросууд Герман руу довтлох нь доторхой байсан учир Германчууд түрүүлж давшсан гэдэг шиг үү? Элгийн юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: